Галат

Бүлэг: 1 2 3 4 5 6


-Reset+

Бүлэг 1

1 1. Хүмүүсээс биш, хүнээр биш, харин Есүс Христээр ба Түүнийг үхэгсдээс амилуулсан Эцэг Бурханаар элч болсон Паул би
2 болон надтай хамт байгч бүх ах дүү нар Галатын чуулгануудад илгээв.
3 Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл болон амар тайван нь та нарт байх болтугай.
4 Бидний Бурхан ба Эцэгийн хүслээр одоогийн бузар булай энэ үеэс биднийг гэтэлгэхийн тулд бидний нүглийн төлөө Есүс Христ Өөрийгөө өгсөн юм.
5 Бурханд алдар нь үеийн үед байх болтугай. Амен.
6 [Христийн] нигүүлслээр та нарыг дуудсан Түүнээс та нар өөр сайн мэдээнээс болж тийм түргэн салж байгаад би гайхаж байна.
7 Тэр нь үнэндээ ондоо сайн мэдээ биш юм. Зарим хүмүүс та нарыг үймүүлж, Христийн сайн мэдээг гуйвуулахыг хүсэж байна.
8 Харин бид, эсвэл тэнгэрээс тэнгэр элч хүртэл бидний [та нарт] тунхагласнаас өөр сайн мэдээг тунхаглавал тэр хараагдаг.
9 Бид урьд нь хэлсний адил би одоо дахин хэлье. Хэрэв хэн нэгэн хүн хүлээж авснаас чинь өөр сайн мэдээг та нарт тунхаглавал тэр хараагдаг.
10 Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханы тааллыг уу? Эсвэл би хүмүүсийн сэтгэлд нийцүүлэхийг оролдоно уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүсийн сэтгэлд нийцүүлсээр байсан бол би Христийн боол биш байх байсан.
11 Ах дүү нар аа, миний тунхагласан сайн мэдээ нь хүний дагуу биш гэдгийг би та нарт мэдэгдэж байна.
12 Би үүнийг хүнээс аваагүй, хүнээр ч заалгаагүй. Харин Есүс Христийн илчлэлтээр хүлээж авсан билээ.
13 Учир нь Иудейн шүтлэг доторх миний урьдын амьдралын хэв маяг болон хэрхэн Бурханы чуулганыг хэт хавчиж, устгахыг оролдож байсныг минь та нар дуулсан.
14 Би өвөг дээдсийнхээ ёс заншилд дэндүү илүү сүжигтэй байж, Иудейн шүтлэг дотор нутаг нэгт олон үе чацуутнуудаасаа илүү дэвшиж байсан юм.
15 Харин намайг эхийнхээ хэвлийд байхаас сонгон тусгаарлаж, Өөрийн нигүүлслээрээ дуудсан Тэр нь
16 Өөрийн Хүүг миний дотор илчлэхээр таалсан юм. Ингэснээр би Түүнийг харь үндэстнүүдийн дунд тунхаглах юм. Тэр даруй би махан биетэйгээ, цустайгаа зөвлөсөн ч үгүй,
17 Иерусалим уруу, надаас өмнө элч байсан тэр хүмүүс уруу явсан ч үгүй, харин Арабт очоод, Дамаскт дахин нэг эргэж ирэв.
18 Тэгээд гурван жилийн дараа би Кефтэй уулзахаар Иерусалим уруу явж, арван тав хоног түүнтэй хамт байлаа.
19 Гэвч Эзэний дүү Иаковаас өөр бусад элч нарыг би хараагүй.
20 (Миний бичиж байгаа зүйл нь худал биш гэдгийг би Бурханы өмнө баталж байна.)
21 Дараа нь би Сири, Киликийн нутгуудаар явав.
22 Христ дотор байгч Иудейн чуулганууд өнөөг хүртэл зүсээр минь намайг таньдаггүй байв.
23 Харин тэд зөвхөн “Биднийг хавчиж байсан нэгэн тэр үед устгахаар оролдсон итгэлээ эдүгээ тунхаглаж байна” гэдгийг л сонссоор байсан.
24 Тэд надаас болж Бурханыг алдаршуулж байсан юм.


Бүлэг 2

1 1. Тэгээд арван дөрвөн жил өнгөрч, би Барнабын хамт Титийг мөн авч, дахиж Иерусалим уруу явав.
2 Илчлэлтийн дагуу би тийшээ явсан юм. Харь үндэстнүүдийн дунд тунхагладаг сайн мэдээг би тэдэнд хэлэв. Гэхдээ нэр хүндтэй байсан хүмүүст хувьчлан хэлсэн. Учир нь би дэмий гүйдэг буюу гүйсэн байх вий хэмээн эмээсэндээ тэгсэн юм.
3 Харин надтай хамт байсан Тит хэдийгээр грек хүн боловч, түүнийг хөвч хөндүүл хэмээн албадсангүй.
4 Харин энэ нь биднийг боолчлолд оруулахын тулд Христ Есүс дотор бидэнд байгаа эрх чөлөөг минь тагнахаар шургалсан хуурамч ах дүү нараас болсон юм.
5 Гэвч бид тэдний эрхэнд хормын зуур ч ороогүй. Ингэснээр сайн мэдээний үнэн нь та нарт үлдэх юм.
6 Харин эрхэм нэр хүндтэй хүмүүсээс (тэдний хэн байсан нь надад огт хамаагүй. Бурхан нүүр царайг хардаггүй) надад нэмсэн юм ер алга.
7 Харин ч эсрэгээрээ, хөвч хөндүүлсэн хүмүүсийн төлөөх сайн мэдээ Петрт даалгагдсан шиг хөвч хөндүүлээгүй хүмүүсийн төлөөх сайн мэдээ надад даалгагдсаныг хараад,
8 (Учир нь Петрийг хөвч хөндүүлсэн хүмүүсийн төлөөх элч болгон дотор нь ажилласан Тэр нь мөн намайг харь үндэстнүүдийн төлөөх элч болгон миний дотор ч идэвхтэй ажилласан)
9 надад өгсөн нигүүлслийг мэдээд, багананууд гэж хүндлэгддэг Иаков, Кеф болон Иохан нар надад болоод Барнабт нөхөрлөлийн баруун гараа сунгасан юм. Ингэснээр бид харь үндэстнүүд уруу, тэд хөвч хөндүүлсэн хүмүүс уруу явах юм.
10 Бидэнд ядуусыг санаж байгаарай хэмээн захисан билээ. Чухамдаа би үүнийг л биелүүлэхийг эрмэлзэж явсан юм.
11 Харин Кефийг Антиохт ирэхэд би түүнийг нүүрэн дээр нь эсэргүүцэв. Яагаад гэвэл тэр буруутан болоод байлаа.
12 Учир нь Иаковаас хэдэн хүн ирэхээс өмнө тэр харь үндэстнүүдтэй хамт хооллодог байв. Харин тэднийг ирэхэд тэр хөвч хөндөх ёслол үйлдсэн хүмүүсээс эмээж, харь үндэстнүүдээс салж яван, зай барив.
13 Бусад иудейчүүд ч түүний хамт хоёр нүүр гаргацгаасан. Түүнчлэн Барнаб хүртэл хоёр нүүр гаргаж, тэдэнд татагдсан юм.
14 Харин би сайн мэдээний үнэнээр тэдний цэх шулуун явахгүй байгааг хараад, бүгдийн өмнө Кефт хандан “Чи иудей хүн байж, иудейчүүд шиг биш, харин харь үндэстэн шиг амьдардаг хэрнээ яагаад харь үндэстнүүдийг иудейн маягаар амьдар гэж албадна вэ?” гэж хэлсэн.
15 Бид төрөлхийн иудейчүүд бөгөөд харь үндэстнүүдийн дундах нүгэлтнүүд биш.
16 Гэсэн хэдий ч хүн Хуулийн үйлсээр бус, харин Христ Есүст итгэх итгэлээр зөвтгөгддөг гэдгийг мэднэ. Тиймээс бид ч гэсэн Хуулийн үйлсээр бус, харин Христэд итгэх итгэлээр зөвтгөгдөхийн тулд Христ Есүст итгэсэн шүү дээ. Яагаад гэвэл нэг ч махан бие Хуулийн үйлсээр зөвтгөгдөхгүй.
17 Хэрэв бид Христ дотор зөвтгөгдөхийг эрмэлзэх зуураа өөрсдөө нүгэлтнүүд болох нь илэрхийлэгдвэл, энэ нь Христ нүглийн үйлчлэгч гэсэн үг үү? Огт үгүй.
18 Учир нь хэрэв би нэгэнт сүйтгэсэн юмаа дахиж босговол өөрийгөө буруутан хэмээн баталж байгаа хэрэг болно.
19 Учир нь би Бурханд амьд байхын тулд Хуульд Хуулиар үхсэн.
20 Би Христтэй хамт цовдлогдсон. Амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ амьд байна. Эдүгээ би махан биедээ амьд байгаа нь намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө тушаасан Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч буй хэрэг юм.
21 Би Бурханы нигүүлслийг хүчингүй болгохгүй. Учир нь хэрэв зөвт байдал нь Хуулиар ирдэг бол Христ дэмий үхсэн аж.


Бүлэг 3

1 1. Мунхаг галатчууд аа, хэн та нарыг мэхлэв? Есүс Христ загалмайд цовдлогдсон нь та нарын нүдний өмнө дүрслэгдсэн.
2 Та нар Сүнсийг Хуулийн үйлсээр хүлээн авсан уу? Эсвэл итгэлээр сонссоноор хүлээн авсан уу? Би зөвхөн үүнийг та нараас мэдэхийг хүсэж байна.
3 Та нар тийм мунхаг гэж үү? Сүнсээр эхэлж, одоо та нар махан биеэр төгс болгогдож байна гэж үү?
4 Та нарын өчнөөн их юманд зовсон чинь дэмий байсан юм гэж үү? Хэрэв үнэхээр дэмий байсан бол,
5 та нарыг Сүнсээр хангаж, та нарын дунд гайхамшгийг үйлддэг Тэрээр үүнийг Хуулийн үйлсээр үйлддэг үү, эсвэл итгэлээр сонссоноор үйлддэг үү?
6 Түүнчлэн Абрахам Бурханд итгэсэн нь түүнийг зөвт байдалд тооцуулсан юм.
7 Тиймээс итгэлийн хүмүүс нь Абрахамын хөвгүүд юм гэдгийг мэдэж ав.
8 Бурхан харь үндэстнүүдийг итгэлээр зөвтгөнө гэдгийг Судар урьдаас мэдээд “Бүх харь үндэстнүүд чиний дотор ерөөгдөх болно” хэмээн Абрахамд сайн мэдээг урьдчилан тунхаглажээ.
9 Тиймээс итгэлийн хүмүүс итгэгч Абрахамын хамт ерөөгдсөн ажээ.
10 Хуулийн үйлсийг түшигчид бүгдээрээ хараалын дор байдаг. Учир нь “Хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлэхийн тулд тэдгээрийн дотор байнга байдаггүй хүн бүр хараагдсан” гэж бичигджээ.
11 Хэн ч Бурханы өмнө Хуулиар зөвтгөгддөггүй гэдэг нь тодорхой. Яагаад гэвэл “Зөвт хүн итгэлээр амьдарна”.
12 Хууль нь итгэлээс гараагүй, харин “Эдгээрийг биелүүлэгч нь тэдгээрээр амьд байх болно”.
13 Христ бидний төлөө хараал болсноороо биднийг Хуулийн хараалаас зольсон юм. Учир нь “Модон дээр өлгөгдөгч хүн бүр хараагдсан юм” гэж бичигдсэн байдаг.
14 Энэ нь Христ Есүс дотор Абрахамын ерөөлийг Харь үндэстнүүдэд ирүүлэхийн тулд юм. Ингэснээр бид итгэлээрээ Сүнсний амлалтыг хүлээн авах юм.
15 Ах дүү нар аа, би хүний ёсоор ярьж байна. Хүний гэрээ байлаа ч гэсэн батлагдсан л бол хүчингүй болгох, эсвэл нэмэх нэг ч хүн байхгүй.
16 Амлалтууд нь Абрахамд болон түүний үрд айлдагдсан юм. Тэр “Үрст” гэж олны талаар хэлээгүй, харин ганцын тухай “Чиний үрд” гэж айлдсан. Тэр бол Христ мөн.
17 Би үүнийг ярьж байна. “Бурханаар урьд нь батлагдсан гэрээг дөрвөн зуун гучин жилийн дараа ирсэн тэр Хууль ч хүчингүй болгодоггүй. Түүнчлэн амлалтыг ч хүчингүй болгодоггүй”.
18 Хэрэв өв залгамжлал нь хуулиас ирдэг юм бол, амлалтаас ирдэггүй гэсэн үг болно. Харин Бурхан үүнийг Абрахамд амлалтаар соёрхсон аж.
19 Тэгвэл юуны тулд Хууль байгаа юм бэ? Энэ нь амлалтыг авсан нэгэнд үр иртэл зуучийн гараар тэнгэр элч нараар дамжуулж тогтоогдон, нүгэл хилэнцээс болж нэмэгджээ.
20 Зууч нь ганц талд байдаггүй, харин Бурхан бол ганц.
21 Ингэхлээр Хууль [Бурханы] амлалтуудын эсрэг үү? Огт үгүй. Учир нь хэрэв амьд болгох чадалтай хуулийг өгсөн байсан бол зөвт байдал нь үнэхээр хуулиас ирэх байсан.
22 Харин Судар бүх юм нүглийн дор хоригдсон гэдэг. Энэ нь амлалтыг Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан итгэгчдэд өгөхийн тулд юм.
23 Гэвч итгэл ирэхээс өмнө, бид хожим илчлэгдэх итгэлд хаагдаж хуулийн дор хорионд байсан билээ.
24 Тиймд бид итгэлээр зөвтгөгдөхийн тулд бидний хувьд Хууль нь биднийг Христ уруу хандуулах зааварлагч болов.
25 Харин эдүгээ итгэл ирсэн тул бид цаашид зааварлагчийн дор байхаа болив.
26 Учир нь та нар бүгд Христ Есүст итгэх итгэлээр Бурханы хөвгүүд болсон ажээ.
27 Христ уруу баптисм хүртсэн та нар бүгдээрээ Христ уруу Христийг өмссөн юм.
28 Иудей ч гэж байхгүй, грек ч гэж байхгүй, боол ч гэж байхгүй, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч гэж байхгүй, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой.
29 Хэрэв та нар Христийнх юм бол та нар Абрахамын үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлагчид мөн.


Бүлэг 4

1 1. Гэхдээ хэдийгээр өв залгамжлагч нь бүгдийн эзэн мөн боловч хүүхэд байхдаа боолоос ялгагдах юмгүй байдаг,
2 харин тэрээр эцгийнхээ урьдчилан тогтоосон өдрийг хүртэл асрамжлагсад болоод итгэмжлэгдсэн хүмүүсийн дор байдаг гэж хэлэх байна.
3 Түүнчлэн бид ч мөн хүүхэд байхдаа ертөнцийн үндсэн юмсын дор боолчлолд байсан.
4 Харин цаг нь болоход Бурхан эмэгтэй хүнээс Хуулийн дор төрөх Өөрийн Хүүгээ илгээсэн юм.
5 Энэ нь Хуулийн дор байгсдыг золихын тулд юм. Ингэснээр бид хөвгүүд нь адил үрчлэлийг авах юм.
6 Та нар бол хөвгүүд нь мөн тул, Бурхан Өөрийн Хүүгийн Сүнсийг бидний зүрхэнд илгээсэн байна. Тэр Сүнс “Аав, Эцэг” гэж дууддаг.
7 Тиймээс чи цаашид боол биш, харин хүү нь мөн. Хэрэв хүү нь байх аваас Бурханаар дамжуулан өв залгамжлагч нь мөн байна.
8 Тэгвэл та нар Бурханыг мэдэхгүй байх тэр үедээ мөн чанараараа бурхад биш юмсын боол байсан.
9 Харин одоо та нар Бурханыг таньж, тэр ч байтугай Бурхан та нарыг танисан атал та нар чинь юунд дорой буурай, зохисгүй үндсэн юмс уруугаа дахин буцаж очин, бүр дахин боолчлогдохыг хүснэ вэ?
10 Та нар өдөр, сар, улирал болоод жилүүдийг сахицгаадаг.
11 Би та нарын төлөө дэмий хоосон хөдөлмөрлөсөн байх вий гэж та нарын төлөө айж байна.
12 Ах дүү нар аа, би та нартай адил болсон учраас надтай адил байцгаа гэж би та нараас гуйж байна. Та нар надад ямар ч муу юм хийгээгүй.
13 Махан биеийнхээ сул доройгоос болж та нарт сайн мэдээг анх удаа би тунхагласныг та нар мэднэ.
14 Миний махан бие та нарт сорилт болсон ч та нар басамжилж, жигшээгүй. Харин ч та нар намайг Бурханы тэнгэр элч адил, Христ Есүс адил хүлээж авсан.
15 Тэгвэл та нарт байсан баяр хөөр хаа байна? Учир нь хэрэв та нар болдогсон бол нүдээ ч ухаад надад өгөх байсныг чинь би та нарт гэрчилье.
16 Тиймээс та нарт үнэнийг хэлснээрээ би та нарын дайсан болсон хэрэг үү?
17 Та нарын төлөөх тэдний хичээнгүй байдал нь магтууштай бус юм. Харин тэд та нарыг зөвхөн өөрсдийнх нь төлөө хичээнгүй байлгахын тулд та нарыг биднээс салгахыг хүсдэг аж.
18 Намайг зөвхөн та нарын хажууд байхад ч биш, харин магтууштай үйлсийн дотор үргэлж хичээнгүй байх нь сайн юм.
19 Хүүхдүүд минь, Христ та нарын дотор дүрээ олтол би төрөх зовлонг дахиж эдэлж байна.
20 Би яг одоо та нарын дэргэд байн, дуу хоолойгоо өөрчлөхийг хүснэ. Яагаад гэвэл би та нарын талаар эргэлзээтэй байна.
21 Хуулийн дор байхыг хүсэгч хүмүүс ээ, та нар надад хэлээч. Та нар хуулийг сонсохгүй байна гэж үү?
22 Абрахам хоёр хүүтэй байсан бөгөөд нэг нь шивэгчнээс, нэг нь эрх чөлөөт эмэгтэйгээс төрсөн гэж бичигдсэн байдаг.
23 Харин шивэгчний хүү махан биеийн дагуу төрсөн байтал эрх чөлөөт эмэгтэйн хүү амлалтаар төрсөн.
24 Энэ нь үлгэрлэсэн зүйл юм. Учир нь тэр хоёр эмэгтэй бол хоёр гэрээ юм. Нэг нь Синаи уулаас гаралтай. Тэр бол боолчлолд орох хүүхдүүдийг төрүүлэх Хагар байжээ.
25 Эдүгээ Хагар бол Арабын Синаи уул мөн бөгөөд одоогийн Иерусалимтай тохирдог. Учир нь тэр хүүхдүүдийнхээ хамт боолчлолд байна.
26 Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.
27 Учир нь“Төрдөггүй, хүүсэр эмэгтэй баярлагтун.Төрөх зовлонг эдлээгүй чи баяс, хашхир.Яагаад гэвэл ганц бие эмэгтэй ньнөхөртэй нэгнийхээс илүү олон хүүхэдтэй болно”гэж бичигдсэн байдаг.
28 Ах дүү нар аа, та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ.
29 Харин тэр үед махан биеэр төрсөн нь Сүнсээр төрснийгөө хавчсантай адил түүнчлэн эдүгээ мөн тэгж байна.
30 Гэтэл Судар юу гэж хэлдэг вэ?“Шивэгчний хүү эрх чөлөөт эмэгтэйн хүүтэй хамт өв залгамжлах ёсгүй учраасШивэгчин болон түүний хүүг хөөж явуул” гэдэг.
31 Тиймээс ах дүү нар аа, бид шивэгчнийх биш, харин эрх чөлөөт эмэгтэйн хүүхдүүд билээ.


Бүлэг 5

1 1. Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм. Иймд бат зогс, дахиж боолчлолын буулганд бүү орогтун.
2 Харагтун. Хэрэв та нар хөвч хөндөх ёслолыг хүлээн авбал, Христ та нарт ямар ч тус болохгүйг Паул би хэлж байна.
3 Хөвч хөндөх ёслолыг хүлээн авсан хүн бүрд би дахин гэрчилье. Тэр хүн бол бүх Хуулийг биелүүлэх өртөн мөн.
4 Хуулиар зөвтгөгдөхийг оролдож буй та нар Христээс тусгаарлагдсан ажээ. Та нар нигүүлслээс салан унажээ.
5 Учир нь бид Сүнсээр дамжуулан итгэлээр зөвт байдлын найдварыг хүлээж байна.
6 Христ Есүс дотор хөвч хөндүүлэх ба хөвч хөндүүлэхгүйн аль аль нь ямар ч ашиг тусгүй. Харин хайраар дамжуулан ажиллаж буй итгэл л чухал юм.
7 Та нар сайн гүйж байсан. Хэн та нарыг үнэнд дуулгавартай байхад чинь саад болсон бэ?
8 Та нарыг дууддаг Түүнээс энэ үзэл бодол ирээгүй.
9 Өчүүхэн хөрөнгө зуурсан гурилыг бүхэлд нь исгэдэг.
10 Та нарыг өөр юуг ч бодохгүй гэдэгт би Эзэн дотор та нарт итгэж байна. Харин та нарыг үймүүлэгч хэн боловч шийтгэлээ хүртэх болно.
11 Гэвч ах дүү нар аа, хэрэв би хөвч хөндөх ёслолыг тунхагласаар байвал юунд би мөшгөгдөн хавчигдсаар байх билээ? Тэгвэл загалмайн бүдрүүлэх саад нь алга болсон хэрэг.
12 Хэрэв болдогсон бол та нарыг үймүүлэгчид өөрсдийгөө агтлаасай.
13 Ах дүү нар аа, та нар эрх чөлөө уруу дуудагдсан юм. Гэхдээ та нар эрх чөлөөгөө махан биеийн төлөөх таатай боломж болгож бүү ашигла. Харин бие биедээ хайраар үйлчил.
14 Учир нь Хууль бүхэлдээ нэг үгэнд л багтдаг юм. Энэ нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэн нь мөн.
15 Хэрэв та нар нэг нэгнээ зуудаг, цөлмөдөг бол, та нар бие биеэ хөнөөх вий гэж болгоомжлогтун.
16 Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махан биеийн хүслээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ.
17 Учир нь махан бие Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс махан биеийн эсрэг хүсдэг юм. Яагаад гэвэл хүссэн юмсыг чинь хийлгэхгүйн тулд махан бие ба Сүнс нь нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ.
18 Хэрэв та нар Сүнсээр удирдуулдаг бол Хуулийн дор байхгүй байна.
19 Эдүгээ махан биеийн үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхайрал, бузар байдал, тачаангуй байдал,
20 шүтээн шүтэх, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, өрсөлдөөн, хагарал, тэрс үзэл санаа,
21 атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг нь юм. Би урьд нь та нарт сануулж байсанчлан урьдчилан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй.
22 Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал,
23 дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй юм.
24 Христ [Есүст] хамаатай хүмүүс өөрсдийн махан биеэ бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолсон ажээ.
25 Хэрэв бид Сүнс дотор амьд байгаа юм бол, мөн Сүнс дотор явцгаая.
26 Бид нэг нэгнээ өдөөн сөрж, өөр зуураа атаархан, сайрхахгүй байцгаая.


Бүлэг 6

1 1. Ах дүү нар аа, хэрэв хүн ямар нэгэн буруу юманд эзэмдүүлсэн бол, сүнслэг та нар түүнийг дөлгөөн байдлын сүнс дотор шинэчлэн засагтун. Ингэхдээ өөрийгөө ч хянаж бай. Эс тэгвэл чи ч мөн соригдох вий.
2 Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц. Тийнхүү Христийн хуулийг хэрэгжүүлэгтүн.
3 Учир нь хэрэв хэн нэг нь юу ч биш атлаа өөрийгөө эрхэм хэмээн боддог бол тэр хүн өөрийгөө мэхэлж байна.
4 Харин хүн бүр өөрийн үйл хэргийг шалга. Тэгвэл уг хүн өөрийгөө бусадтай харьцуулалгүй, өөрөөрөө сайрхах болно.
5 Учир нь хүн бүр өөрийн ачааг үүрнэ.
6 Үгэнд суралцагч нь сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцаг.
7 Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг.
8 Яагаад гэвэл өөрийнхөө махан биед таригч нь махан биеэсээ ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна.
9 Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая. Учир нь хэрэв бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна.
10 Тиймээс бид боломж завшаантай байх үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе.
11 Би өөрийнхөө гараар ямаршуу том үсгээр та нарт бичиж байгааг минь үз.
12 Махан бие дотроо сайхан харагдахыг хүсдэг хүмүүс Христийн загалмайн төлөө хавчигдахгүй байхын тулд та нарыг хөвч хөндөх ёслол үйлд хэмээн албадаж байгаа юм.
13 Учир нь хөвч хөндүүлсэн тэдгээр хүмүүс өөрсдөө хуулийг үл сахидаг. Харин тэд та нарын махан биеэр сайрхахын тулд та нарыг хөвч хөндөх ёслол үйлд хэмээн хүсдэг аж.
14 Харин бидний Эзэн Есүс Христийн загалмайгаар сайрхахаас өөр нь надад бүү байг. Түүгээр дамжуулан надад ертөнц, би ертөнцөд цовдлогдсон юм.
15 Учир нь хөвч хөндөх ба хөвч хөндүүлэхгүйн аль аль нь юу ч биш, харин шинэ бүтээл нь л чухал юм.
16 Энэ зарчмаар явагч хүмүүс болон Бурханы Израилийн дээр амар тайван, өршөөл нь байх болтугай.
17 Үүнээс хойш надад хэн ч гай зовлон бүү авчраг. Учир нь би биедээ Есүсийн оромнуудтай билээ.
18 Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай. Амен.