Колоссай

Бүлэг: 1 2 3 4


-Reset+

Бүлэг 1

1 1. Бурханы хүслээр Есүс Христийн элч болсон Паул би болон дүү Тимот
2 Колоссайд байгаа ариун хүмүүст буюу Христ доторх итгэлт ах дүү нарт илгээв. Бидний Эцэг Бурханаас амар тайван, нигүүлсэл нь та нарт байх болтугай.
3 Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханд бид та нарын төлөө үргэлж залбиран талархал өргөдөг нь
4 бид Христ Есүст итгэх та нарын итгэл болоод бүх ариун хүний төлөөх та нарын хайрыг сонссоны учир бөгөөд
5 тэнгэрт та нарт зориулж хадгалагдсан найдварын учир юм. Энэ найдварыг та нар урьд нь сайн мэдээ болох үнэний үгнээс сонссон.
6 Сайн мэдээ нь та нарт хүрчээ. Бурханы нигүүлслийг үнэн дотор сонсоод ухаарсан тэр өдрөөс эхлээд энэ нь та нарын дунд хэрхэн байгаачлан мөн бүх дэлхийд байнга үр жимс ургуулж өсгөж байна.
7 Түүнчлэн бидний өмнөөс үйлчилдэг Христийн итгэлт үйлчлэгч, бидэнтэй хамт боол болсон хайрт Епафраас та нар суралцсан.
8 Тэр бас Сүнс доторх та нарын хайрын тухай бидэнд мэдэгдсэн юм.
9 Тиймээс бид сонссон өдрөөсөө хойш та нарын төлөө зогсолтгүй залбирч, гуйхдаа та нарыг бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дотор Түүний хүслийн жинхэнэ мэдлэгээр бялхаасай,
10 мөн та нар Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр дүн гарган, Бурханы жинхэнэ мэдлэгээр өсөж,
11 Түүний цог жавхлант чадлын дагуу бүх хүчээр хүчтэй болгогдон, баяр хөөртэйгөөр бүхий л тэсвэр, тэвчээрт хүрч,
12 гэрэл дотор ариун хүмүүсийн өвийг хуваалцахад биднийг зохистой болгосон Эцэгт талархал өргөөсэй хэмээн хүсэж байна.
13 Учир нь Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, Өөрийн хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм.
14 Хүүгийнх нь дотор бидэнд нүглийн уучлал болох золилт байна.
15 Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр мөн бөгөөд бүх бүтээлийн Ууган нь мөн.
16 Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна.
17 Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүний дотор оршин тогтнодог.
18 Тэр мөн бие болох чуулганы тэргүүн мөн. Тэр бол эхлэл мөн, үхэгсдээс анх төрсөн нь мөн. Энэ нь Тэр Өөрөө бүх юмсын тэргүүн болохын тулд юм.
19 Яагаад гэвэл Бурхан Түүний дотор Өөрийн төгс дүүрэн нь оршдогийг болон
20 Түүний загалмайн цусаар энх тайвныг тогтоон, Түүгээр дамжуулан газар дээрх, эсвэл тэнгэр дэх юмсыг, бүх юмсыг Өөртэйгөө эвлэрүүлснийг таалдаг.
21 Хэдийгээр та нар урьд нь холдуулагдсан бөгөөд бузар үйлсээрээ сэтгэлдээ дайсан болсон байсан боловч
22 одоо бол Түүний махан биеийн үхлээр эвлэрүүлж, Өөрийнхөө өмнө та нарыг ариун, өө сэвгүй бөгөөд гэм зэмгүй болгосон.
23 Хэрэв та нар үнэхээр итгэл дотроо үргэлжид байж, суурилагдсан бөгөөд бат тогтон, өөрсдийн сонссон сайн мэдээний найдвараас хөдлөхгүй бол тийм байх болно. Энэхүү сайн мэдээ нь тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдаж, Паул би үүний үйлчлэгч болсон билээ.
24 Одоо би та нарын төлөө зовохдоо баярлаж байна. Би махан биедээ Түүний бие болох чуулганы төлөө Христийн зовлон дотор юу дутагдаж буйг нөхдөг.
25 Бурханы үгийг биелүүлэхийн тулд та нарын тусын тулд Бурханаас надад соёрхсон үүргийн дагуу би энэхүү чуулганы үйлчлэгч болсон юм.
26 Тэрхүү нууц нь өнгөрсөн үеүдээс, үр удмуудаас нууцлагдаж байсан боловч одоо Өөрийнх нь ариун хүмүүст илэрхийлэгджээ.
27 Бурхан харь үндэстнүүдийн дунд энэхүү нууцын алдрын баялаг гэж юу болохыг тэдэнд мэдүүлэхийг хүссэн юм. Энэ нь та нарын дотор байгаа алдрын найдвар болох Христ мөн.
28 Бид хүн бүрийг Христ дотор төгс болгохын тулд бүх мэргэн ухаан дотор хүн бүрд сануулж, хүн бүрд заан Түүнийг тунхаглаж байна.
29 Миний дотор хүчтэй ажиллаж байгаа Түүний хүч чадлаар зүтгэн би мөн энэ зорилгын төлөө ажилладаг.


Бүлэг 2

1 1. Та нарын төлөө, Лаодикт байгаа хүмүүс болон миний зүс царайг үзээгүй тэр бүх хүний төлөө хэр их тэмцэлдэж байдгийг минь та нар мэдээсэй гэж би хүсэж байна.
2 Ингэснээр тэдний зүрх хайрын дотор холбогдон, Бурханы нууцын жинхэнэ мэдлэг болох Христ уруу аваачдаг бүрэн итгэлт ойлголтоос ирдэг бүх баялагт хүрэн, урамшдаг.
3 Христ дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг.
4 Хэн ч та нарыг үнэмшилтэй үгээрээ бүү төөрөгдүүлээсэй гэсэндээ би үүнийг хэлж байна.
5 Хэдийгээр би биеэрээ байхгүй байгаа боловч зөв сахилга журамтай байгааг чинь болон Христэд итгэх та нарын итгэлийн бат байдлыг хараад, баярлан би сүнсээрээ та нартай хамт байна.
6 Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алхахдаа,
7 заалгаж байснаараа Түүн дотор бат үндэслэгдэн, байгуулагдаж, итгэл дотроо баталгаажин, талархлаар бялхагтун.
8 Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин ертөнцийн үндсэн зарчмууд, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн.
9 Учир нь Түүн дотор Бурханы төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог.
10 Түүн дотор та нар төгс болгогдсон. Тэр бол бүх удирдлага ба эрх мэдлийн тэргүүн нь мөн.
11 Христийн хөвч хөндөх ёслолоор махбодын биеийг тайлан, Түүн дотор та нар бас хүний гараар үйлдэгдээгүй хөвч хөндөх ёслолыг хийлгэсэн.
12 Ингэхдээ та нар баптисм дотор Түүнтэй хамт оршуулагдсан. Түүнийг үхэгсдээс амилуулсан Бурханы үйлсэд итгэсэн итгэлээр баптисм дотор та нар бас Түүнтэй хамт амилуулагдав.
13 Та нар гэм нүглүүд болон махан биеийн хөвч хөндөх ёслолоосоо болж үхсэн байхад Тэр бидний бүх гэм нүглийг уучлаад, та нарыг Түүнтэй хамт амьд болгосон бөгөөд
14 бидний эсрэг зарлигуудаас бүрдсэн, бидэнд дайсагнаж байсан өрийн дансыг хүчингүй болгов. Тэр үүнийг загалмайд хадаж, замаасаа зайлуулжээ.
15 Захирагчид болоод эрх баригчдыг зэвсэггүй болгоод, Тэр тэднийг загалмай дээр ялж, тэднийг нийтэд үзүүлэн болгов.
16 Тиймд та нар унд, хоол, эсвэл баяр, шинэ сар гарахтай хамаатай асуудлаар, эсвэл амралтын өдрүүдээс болж хэнээр ч бүү шүүгд.
17 Эдгээр нь ирж буй юмсын сүүдэр нь юм. Харин бие нь Христийнх юм.
18 Хуурамч даруу байдалд таашаал аван, тэнгэр элч нарт мөргөдөг, үзсэн үзэгдлээ баримтлан, махан биеийн ухаанаар өөрийгөө дэмий хоосон дөвийлгөдөг ямар ч хүн та нарын шагналыг бүү булааг.
19 Тэд бүхэл биеийг үе мөч болон шөрмөсөөр хамтад нь холбон хангаж, Бурханы өсөлтөөр өсгөдөг Тэргүүнээс зуурдаггүй ажээ.
20 Хэрэв та нар дэлхийн үндсэн зарчмуудад Христтэй хамт үхсэн юм бол юунд ертөнцөд амьдарч байгаа юм шиг өөрсдийгөө зарлиг тогтоолд захируулж,
21 “Барьж ч, амсаж ч, гар хүрч ч болохгүй” гэх
22 (хэрэглэснээр мөхөх тавилантай тэр бүхнийг) хүний сургаал ба тушаалуудын дагуу байх гээд байгаа юм бэ?
23 Эдгээр нь өөрсдийн бий болгосон шашин болоод хуурамч даруу байдал, мөн биеийг зовоох байдлаар мэргэн ухаан мэт үзэгдэвч, үүнд махан биеийн хүслийг эсэргүүцэхэд ямар ч тус


Бүлэг 3

1 1. Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол дээгүүрх зүйлсийг эрсээр бай. Тэнд Христ Бурханы баруун талд заларч байгаа.
2 Та нар оюун ухаанаа газар дахь зүйлс дээр биш, харин дээгүүрх зүйлс дээр төвлөрүүл.
3 Учир нь та нар үхсэн бөгөөд та нарын амь Христтэй хамт Бурхан дотор нууцлагдсан.
4 Бидний амь болох Христ илчлэгдэх үед та нар ч бас яруу алдар дотор Түүний хамт илчлэгдэх болно.
5 Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм.
6 Эдгээрээс болж Бурханы уур хилэн [дуулгаваргүй хөвгүүд дээр] ирэх болно.
7 Та нар тэдгээрийн дотор амьдарч байхдаа үнэндээ тэдгээрийн дотор алхаж л явсан.
8 Харин эдүгээ та нар бас уур, хилэн, хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүрт үгс бүгдийг нь зайлуулж хаягтун.
9 Бие биедээ худал бүү ярь. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ бузар муу зуршилтай нь тайлж,
10 шинэ хүнийг өмссөн. Энэ нь өөрийг нь бүтээсэн Түүний дүр төрхийн дагуу үнэн мэдлэгт шинэчлэгдсэн хүн юм.
11 Энд Грек ба Иудей, хөвч хөндүүлсэн ба хөвч хөндүүлээгүй, зэрлэгүүд, скутчууд, боол ба чөлөөт хүн гэж байхгүй. Харин Христ бол бүгд бөгөөд бүгдийн дотор байна.
12 Тиймээс Бурханаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдсан хүмүүсийнхээ хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс.
13 Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил.
14 Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм.
15 Христийн амар тайван та нарын зүрх сэтгэлийг захираг. Үүний тулд л та нар нэгэн бие дотор дуудагдсан юм. Талархагтун.
16 Бурханд хандаж зүрхэндээ баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд хийгээд бүх мэргэн ухаанаар та нар бие биедээ заан, бие биеэ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай.
17 Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөн, бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн.
18 Эхнэрүүд ээ, Эзэний таалалд нийцүүлж нөхөртөө захирагдагтун.
19 Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлагтун. Тэдэнд бүү хатуу ханд.
20 Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай байгтун. Ингэх нь Эзэнд таалагдана.
21 Эцгүүд ээ, хүүхдийнхээ сэтгэлийг мохоохгүйн тулд тэднийг бүү уурлуул.
22 Боолууд аа, махан биеийнхээ эзнийг бүх талаар дагагтун. Хүнд таалагдах гэж нүд хууралгүй, харин Эзэнээс эмээн, чин сэтгэлээсээ үйлчил.
23 Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө үйлддэг шиг чин сэтгэлээсээ хийгтүн.
24 Учир нь та нар Эзэнээс өв залгамжлалын шагналыг хүлээн авна гэдгээ мэддэг. Чи Эзэн Христэд үйлчилж байгаа юм.
25 Учир нь буруу юм хийсэн хүн, хэн ч бай ялгаагүй, хийсэн буруу зүйлийнхээ уршгийг хүртэнэ.


Бүлэг 4

1 1. Эзэд ээ, та нар бас тэнгэрт Эзэнтэй гэдгээ мэдэж боолууддаа шударга ёс, тэгш эрхийг соёрх.
2 Өөрсдийгөө залбиралд зориул. Залбирахдаа талархалтай, сэрэмжтэй байгтун.
3 Бас бидний төлөө залбирахдаа үгэнд зориулсан хаалгыг Бурхан нээн өгч, Христийн нууцыг биднээр яриулаасай гэж гуйгтун. Би үүний төлөө хоригдсон билээ.
4 Мөн би хэрхэн ярих ёстойчлон үүнийг тодорхой болгоорой гэж залбирагтун.
5 Гаднах хүмүүстэй мэргэн ухаанаар цагийг үнэлж харьц.
6 Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амт оруулсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм.
7 Миний тухай бүх мэдээллийг Эзэний дотор бидний хайрт дүү, итгэлт үйлчлэгч, хамтран зүтгэгч боол Тухик та нарт мэдэгдэх болно.
8 Тэр та нарт бидний нөхцөл байдлыг мэдэгдэж, зүрхийг тань тайвшруулаг гэсэн яг энэ зорилгын төлөө би түүнийг та нар уруу илгээж байна.
9 Та нарын нэг болох итгэмжит, хайрт дүү Онесимыг түүний хамт явууллаа. Тэд эндхийн бүх л байдлыг та нарт мэдэгдэх болно.
10 Надтай хамт хоригдож буй Аристарх та нарт мэнд хүргэж байна. Мөн Барнабын үеэл Марк болон (Та нар түүний талаарх заавар авсан. Хэрэв тэр та нар уруу очвол хүлээж аваарай)
11 Иуст гэж нэрлэгддэг Есүс нар та нарт мэнд хүргэж байна. Зөвхөн энэ хүмүүс л хөвч хөндөх ёслолын хүмүүсээс Бурханы хаанчлалын төлөөх хамтран зүтгэгчид юм. Тэд намайг тайтгаруулсан.
12 Та нарын нэг, Христ [Есүсийн] боол Епафр та нарт мэнд хүргэж байна. Бурханы бүх хүсэл дотор та нар гүйцэд болж, төгс зогсож байхын тулд Епафр та нарын төлөө үргэлж залбиран тэмцэлдэж байна.
13 Тэр та нарын төлөө болоод Лаодикт, Хиераполд байгаа хүмүүсийн төлөө маш их санаа тавьж байдаг гэж би түүнийг гэрчилж байна.
14 Хайрт эмч Лук та нарт мэнд хүргэж байна. Дем ч бас.
15 Лаодикт байгаа ах дүү нарт болон Нумфад, түүнчлэн тэр эмэгтэйн гэрт цугладаг чуулганд мэнд хүргээрэй.
16 Энэ захиаг та нар уншсаныхаа дараа лаодикчуудын чуулганд бас уншуулаарай. Та нар ч гэсэн Лаодикаас ирсэн захиаг уншаарай.
17 Архийпт “Эзэн дотор хүлээж авсан үйлчлэлээ биелүүлэхийн тулд үйлчлэлдээ анхаарал тавь” гэж хэлээрэй.
18 Паул би өөрийн гараар энэ мэндчилгээг бичлээ. Миний хүлээсийг та нар санаарай. Нигүүлсэл та нартай хамт байх болтугай.